garchig

4/17/12

Ангийн оюун санааны дэвсгэр


Ангийн оюун санааны дэвсгэр
/исээ/
            Хүүхдийн сурлага хүмүүжлийн эцсийн үр дүнд түүнийг хүрээлэн байгаа орчин маш их нөлөөтэй байдаг. Хүүхдийн өдрийг өнгөрөөж байгаа хугацааны нэлээдгүй хэсэг нь сургууль, анги хамт олны төлөвшилт, багшийн үйл ажиллагааны нөлөөн дор өнгөрдөг. Хүүхдийн сурлага хүмүүжилд нөлөөлөх хүчин зүйл дотроос ангийн сурагчдын “оюун санааны дэвсгэр” /В.А.Сухомлинскийн томъёо/ маш их хүчтэй нөлөөлдөг гэдэг нь “...Сургууль дахь хүчин зүйлүүдээс хамгийн чухал нь багшийн мэдлэг ч биш, сургалтанд зарцуулж буй материаллаг зардал ч биш, харин тухайн сурагчийг хүрээлж буй нэг ангийнхны өмнөө тавьсан зорилт байдаг гэдгийг судалгаа нотолж байгаа...”[1] гэсэн өгүүлбэрээс харагдаж байна.
            Ангийн сурагчдын “оюуны дэвсгэр” нь хэр зэрэг хүчтэй, бусдад нөлөөтэй байж чадах вэ гэдэг нь багшаас шууд хамааралтай гэж үзэж болно. Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Мал нь эзнээ дагадаг, малгай нь толгойгоо дагадаг” гэсэн  үг бий. Энэ үг нь багш ямар байна вэ гэдгээс сурагчдын оюун санааны дэвсгэр ямар чиглэлтэй тавигдсан вэ гэдгийг харж болохоор байна. Ангийн оюун санааны дэвсгэр ямар чиглэлтэй тавигдсан бэ гэдгээс ангийн нийтлэг зорилт бүрэлддэг.
             Миний мэдэх нэг багш өөрөө хэдийгээр математикийн багш боловч өөрөө урлаг спортод их дуртай, сонирхдог хүн байсан болохоор ч тэр үү тэдний ангийн сурагчид урлаг спортоор сургууль дүүрэг хотод амжилт гаргаж алт мөнгөн медаль авсан олон сурагчидтай. Хөл бөмгийн “Дуулиан-2020” тэмцээнээс гэхэд л алт мөнгөн медаль авсан хэд хэдэн сурагч байсан. Харин математикийн олимпиадад  амжилт үзүүлж байсан сурагч тун бага байсан боловч ямарч уралдаан тэмцээнд орсон бид чадна, бид түрүүлнэ гэсэн итгэлтэй зан чанар байгаа нь ажиглагдаж байлаа.
            Мөн бага ангийн нэг багшийн хөвгүүд нь хичээл болон хичээлээс гадуурах аливаа ажилд оролцох идвэх санаачлагаараа охидоосоо илт илүү байгаа нь төгсгөсөн хэд хэдэн анги дээр ажиглагдаж байлаа. Тэр ангиуд нь анги ахих тусам хөвгүүдээсээ ихээхэн хамааралтай болж байсан юм. Багшаас нь энэ тухай асуухад тийм зүйл огт анзаардгүй байсан бөгөөд хөвгүүд юм ойлгох нь арай илүү байдаг болохоор тэдэнтэй ажиллах надад амар байдаг гэж хариулж байсан юм.
 Ийм жишээг ерөнхий боловсролын сургууль дээр олныг харж болно. Эндээс харахад ангийн оюун санааны дэвсгэр багшийн үйл ажиллагаатай салшгүй холбоо, хамааралтай нь харагдаж байна.
            Дээрх жишээнүүдээс харахад  ангийн оюун санааны дэвсгэр нь хүчээ авах тусам ангийн сурагчдыг хамтын үйлд татан оруулж ангийг нэг ерөнхий зорилттой болгож, сурах, мэдлэг эзэмших , чадваржих  хүсэл тэмүүлэл бий болгож байна. Ангид сурах, өндөр мэдлэг эзэмших эрмэлзэл хүчтэй байгаа бол сурагч бүр л сайн сурахыг хүсэж тэмүүлж ядаж л зарим нэг нь сайн сурахыг оролдох болно. Иймд багш бүр өөрийн чадвар арга туршилгаа ашиглан ангийн төлөвшилтийг(оюун санааны дэвсгэр) зөв удирдаж чадвал өмнөө тавьсан зорилготой түүнийгээ биелүүлэх гэж эрмэлздэг, бусадтай хамтран ажиллаж чаддаг иргэн хүнийг төлөвшүүлэх ажилдаа амжилт гаргаж болохоор мэт санагдана.
М.Бямбадорж



[1] “Боловсрол” сэтгүүл 1985 он 47-р тал

1 comment:

Surguuliin umnuh bolovsrol said...

Энэхүү эсээнээс анги хамт олноо удирдах арга барилдаа баримтлах чигийг олж харсандаа их баяртай байна. Амжилт хүсье.