garchig

10/18/13

АВЬЯАС ХӨГ

АВЬЯАС ХӨГ
Ж: Баярсайхан, Ц. Лувсандорж

Абсракт:  Авьяас. Энэ хэллэг урлагийн салбарт их түгээмэл хэрэглэгдэнэ. Авьяастай, авьяасгүй гэж ярих. Бас авьяаслаг хөгжимчин, авьяаслаг зураач, авьяаслаг сурагч гэх мэт үг хэллэг  олонтоо сонсогдоно. Гэвч авьяасыг  нарийн тодорхойлж тайлбарласан судалгаа, дүгнэлт  харин нэн ховор байдаг. Ер нь авьяас гэж юу бэ? Тэр өгөгдөл үү, хөдөлмөр үү? Тэр хөгжих үү, илрэх үү?

Энэхүү өгүүллэгт авьяасыг хөгжмийн хөг онолын үүднээс   тайлбарлаж, дээрх  асуултад хариулт өгнө.  Авьяас бол өнгө, хөг юм. Хөг тул тэр илэрнэ, хөгжинө. Тэр гайхамшигт өнгөөр илэрнэ.  Тэр зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь бүрдсэн үед л хөгжинө.

Авьяасыг ийнхүү өнгө, хөг болохыг  таниснаар хүнийг хөглөх замаар түүний авьяасыг нээх, хөгжүүлэх арга замыг  тогтоож байгаад энэхүү өгүүллэгийн танин мэдэхүйн ач холбогдол оршино.

1.    Авьяас хөг болох нь

Хүн  хөг, өнгийг тэтгэгч (акустик) заал, сав лугаа адил тогтолцоо юм. Хүний өнгө гайхам болох тусам түүний хөг өндөр байна.
Өнгийг хөгжмийн онол, практикт  нэг талаас “ хэлбэлзэх хөдөлгөөнөөр илрэх физик үзэгдэл”, нөгөө талаас,  сонсох эрхтэн хэлбэлзэх долгионыг хүлээн авах үйлдэл гэж үздэг.  Ингэж тодорхойлогдсон өнгө бол хөгжмийн өнгө боловч түүгээр хүний дотоод сэтгэл, юмс, үзэгдлийн мөн чанарт нэвтэрч,  түүнийг илэрхийлж үл чадна.  Харин хязгааргүй дээд, доод, дунд өнгөний цар хүрээнд  хөглөгдсөн өнгөөр л хүний дотоод сэтгэл, юмс үзэгдлийн гүнд нэвтэрнэ, мөн түүнийг илэрхийлж болдог (Баярсайхан, Ж 2012). Хүний энэхүү өнгийг илэрхийлэх хөг бол чухамдаа авьяас юм.
Хөг, хөглөх, хөглөгдөх, хөгтэй тоглох, хөггүй тоглож, хөг алдах, хөг орох,  хөг удамжих гэсэн үг хэллэг бодит амьдралд ч,  хөгжмийн онол, арга зүйд ч түгээмэл байдаг. Гайхамшигтай өнгөөр  тоглодог хөгжимчны хөг өндөр гэж ч ярьдаг. Түүнийг мөн  авьяастай, авьяаслаг хөгжимчин  ч гэж ярьдаг.
Хийлийн алдартай багш нарын нэг  Л.С. Ауэр өөрийн туслах багш Налбандианд авьяаслаг хийлч Саразатагийн гайхамшигт тоглолтын тухай ийнхүү хөөрчээ.

Саразатагийн тоглолтын ур чадвар, гарч буй өнгө, дуу авиа нь гайхамшигтай. Түүний тоглолтонд илүүц дуу, шуугиан элдэв зүйл огт байдаггүй. Үнэнхүү давтагдашгүй....гээд “Чи Европ орж  ядаж нэг удаа түүнийг сонсох хэрэгтэй” гээд томилолт өгчээ.  Налбандиан ч томилолтоор явж түүнийг олж сонсжээ.

Тэрээр буцаж ирээд Л.С Ауэрт “Саразата бол дээд зэргээр ур чадваржсан хийлч байна. Тэр ямар аз жаргалтай хүн бэ. ... Тэр та бид хоёр шиг хийлийн зарц биш байна. Өдөр бүр 5-6 цаг ажилладаг ажлын морь биш байна. Тэр өөрийнхөөрөө л амьдарч байна. Тэр дуртай цагт давтдаг, бас дургүй нь хүрэхээр давтдаггүй. Эрх чөлөөтэй байх юм.  Гэсэн хэрнээ хүссэн цагтаа л онцгой сайхан тоглох юм” гэжээ. Үүнийг сонсож байсан хийлийн алдарт багш Ауэр “Маш их уйтгартайгаар өөрийн гар луугаа хараад уртаар санаа алдсан гэдэг” (Pаабен.Л, 1962, х.32). 

Энэхүү баримт нь хийлийн алдарт багш Ауэр Саразатагийн авьяас, гайхамшиг хөг, өнгө,тоглолт, ур чадварт бишэрч, шавь нараа түүгээр хөглөж байсны нэгэн нотолгоо болно.

Хожмын Оросын алдартай хийлч Д. Ойстрахад  1937 онд Брюсселд болсон олон улсын уралдаанд оролцож явахдаа алдарт хийлч Крейслерийг сонсох нэгэн боломж олджээ. Үүний дараа тэрээр “....Түүний эхний хэдхэн минутын тоглолтоос би аугаа, ер бусын хүчийг мэдэрлээ.... 62 насандаа ийнхүү тоглоно гэдэг үнэхээр гайхалтай ....  “ хэмээн бичиж байжээ. (Самин. Д.К, 2002, х.228).

Цөмийн дайны эсэргүүцэн хийсэн дэлхийн алдарт хөгжимчдын тоглолтонд Грекийн алдарт воленчейст П. Казальс Бахийн суюеmийг гайхамшигтайгаар тогложээ. Бахийг судлаач түүнд “Та өнөөдөр үнэхээр гайхамшигтай тоглолоо. Та дандаа ингэж тоглож байгаа ч” гэхэд тэрээр “Сайн хөгжимчин бол хэзээ ч нэг хэв маягаар тоглодоггүй юм” гэжээ (Самин. Д.К, 2002, х.237).
Энэ мэтчилэн авьяастай, авьяаслаг гэгдэх нэгэн бол тухайн үйлийг гайхам өнгө, хөгтэй үйлдэж  байдаг. Авьяас өнгө, хөг л юм.




2.    Авьяас өнгөөр  л илрэх нь

Авьяас өнгө, хөг тул тэр өвөрмөц өнгөөр л илэрнэ. Хөгжимчний хувьд энэ нь гялбаа өнгөөр илрэх нь түгээмэл. 
Хүссэн хөгжмимчин бүр гялбаа өнгийг хүсснээрээ гаргадаггүй. Харин хөгжимчний бие, сэтгэл, оюуны нэгдмэл онцгой эгшинд л тэр ирдэг. Энэ үед хөгжимчний толгой, гар, хөл, биеийн хэсгүүд бүхэлжин нэгдэж, уян хатан болсон байдаг. Жирийн нот хүртэл их баялаг, сэтгэлгээ, мэдрэмж, хүчтэй дуугарч эхэлнэ. Гарын хуруу дуулгавартай, сонсголонтой болно. Хоёр гарын хооронд ер бусын долгион үүсэж, улмаар тархины гавлын хөндий, цээжний хөндий, хөл, гарын хуруунуудад ер бусын доргио өнгө үүсэж, хоорондоо   цуурай өнгөөр холбогдон бие, сэтгэл, оюун тайвшран, сайхан өнгийг дуулуулан гаргах нөхцөл бий болно.  Хуруу сонсож, чих хөглөнө, мөн чих сонсон хуруу хөглөгдөнө.
Ийм байдалд орсноор аливаа дуу авиаг өөрийн болон бусад хүн, амьтны дотоод ертөнц, сэтгэлд хүргэдэг. Хөгжимчин хүн эхний өнгөөрөө л шууд зохиолчийнхоо бүтээл, дүр хувирч, ямар нэгэн айдас, дарамт үгүй болж, улмаар үзэгчдийг эзэмдэн тоглосоор л алга ташилтаар эргэн тайзнаа ирдэг. Түүний ингэж  хөглөгдөн, санасан зүйлээ сэтгэлчлэн  тоглохыг харсан, сонссон нь түүнийг авьяастай гэж хэлж дуурсгадаг. Авьяастай гэж дуурсагдах хөгжимчин өөрөөгөө хэзээ ч авьяастай гэж хэлдэггүйн утга чухам үүнд оршино.
Авьяастай, авьяаслаг  гэгдэх нь ийм л мөн чанар, шинж чанараар шинжлэх ухаан бусад салбар, ахуй амьдралд илэрч байдаг. Авьяас ингэж  онцгой нэгэн эгшинд гайхам нэгэн өнгөөр өөрийгөө  илэрхийлж оршино.
3.    Авьяасыг  хөг, өнгөөр хөгжүүлэх нь
Хөг, өнгийг хөгжүүлэн боловсруулах замаар авьяасыг хөгжүүлж болно. Үүний тулд  хөг, өнгийг тэтгэгч (акустик) заал, сав болсон бие, сэтгэл, оюуныг  дортуулах бус дэвшүүлэх, хөгжүүлэх, баясгалантай байлгах хэрэгтэй. Энэ бол авьяас хөгжихийн  зайлшгүй нөхцөл юм. Гэвч хүрэлцээтэй нөхцөл биш.
Авьяас хөгжих энэхүү зайлшгүй нөхцөл хүрэлцээтэй нөхцөл болж хувирахад хөгтэй багш, хүчин зүтгэл, чин сэтгэл л хэрэгтэй. Ийм нөхцөлд авьяас хөгжинө.




Дүгнэлт
Авьяас өнгө, хөг юм. Тэр гайхамшигт өнгөөр л илэрдэг.  Түүнийг хөглөж л хөгжүүлнэ.  Авьяас илэрч, хөгжихөд хөг, өнгийг тэтгэгч (акустик) заал, сав болсон бие, сэтгэл, оюуны дордолт бус харин дэвшил нь зайлшгүй. 
Авьяас илрэх, хөгжихийн энэхүү зайлшгүй нөхцөл нь зөвхөн хөгтэй багш, хүчин зүтгэл, чин сэтгэлээр л баяжснаар түүний хүрэлцээтэй нөхцөл нь болно.


                     Ном зүй
Баярсайхан.Ж, 2012,  Хөг орох, алга болох, дахин бий болох нь үзэгдэл мөн,  Хөгжим Бүжгийн коллежийн эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, УБ
Pаабен.Л, 1966,   Леoпольд Семенович Ауэр: Oчерк жизни и деятельности, МУЗГИЗ,   Ленинград, х.32
Самин.Д.К, 2002, 100 Beликих музыкантов, Издательсво “Вече”, x.228,  х.356

No comments: